Хайрын...........
2009 оны 01-р сарын 19 Нийтэлсэн Enkhzulхайртай Дэлгэрэнгүй»
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 301
Хаясан түүнийгээ би
2008 оны 12-р сарын 21 Нийтэлсэн EnkhzulХаясан би түүнийгээ Дэлгэрэнгүй»
3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 205
shaltag & ataarhal
2008 оны 12-р сарын 21 Нийтэлсэн Enkhzulblog.ooroo orolgui ih udlaa. mini zaw bolsongui bj bgad l... zia tgd bid ajilaa buteechwel boloo gd hiisen zuilee oridog tgj bolohguie. tgheer heden saihan yum nemii gj bs yagad mini blog sonirhuushtai bish bn gd horshiinhaaraa zochlohoor shiidlee.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 80
ардчилсан монгол бидний ирээдүй үүнийг уншаад сонирхолтой байсан тул тавилаа
2008 оны 12-р сарын 11 Нийтэлсэн EnkhzulМонгол улс ардчилсан тогтоцод шилжээд 13 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Коммунист тогтоц нь Монголын ард түмний өөрсдийнх нь сонголт шийдвэр байгаагүй бол ардчилсан тогтоц нь манай ард түмний өөрийн сонголт байснаараа хоёр системийн сонголтын том ялгаа бий. Yнэндээ 1990 оны Монголын ардчилсан хувьсгал нь Дэлхий нийтэд болсон коммунизмын сүйрэл, системийн задралын шууд үр нөлөө, дагавар нь байсан авч энэ их хувьсгалт өөрчлөлтийг Монголын ард түмний үлэмж дийлэнхи хэсэг нь халуунаар дэмжсэн юм. 12 жилийн дараа буюу саяхан гаргасан социологийн судлагаагаар хүн амын 90 хувь орчим нь 1990 оны ардчилсан хувьсгалыг зөв зүйтэй зүйл байсан гэж үзэж байна.
Урьд нь нийгмийн ардчилсан дэглэм Монголын түүхэнд огтоос байгаагаагүй учир өнөөдөр Монгол нь ардчиллыг шинээр тогтоож буй улсын ангилалд багтаж байгаа юм. Yүнээс гадна Монгол нь Дэлхийн коммунист системийн задралын дараа их шилжилт хийж буй 40 гаруй улсын нэгэнд тооцогдож байгаа билээ. Монгол нь нийгмийн хувьд тоталитар дэглэмээс ардчилсан тогтоц руу, эдийн засгийн хувьд төвлөрсөн захиргаадлын аж ахуйгаас зах зээлийн чөлөөт эдийн засгийн тогтоц руу давхар шилжилт хийж байгаа улс юм.
Шинжлэх ухаан технологийн асар их дэвшил, хүйтэн дайны дараахи таатай уур амьсгал, дэлхий даяар явагдаж байгаа интегралчлал, даяаршил зэрэг олон шалтгаанаар өнөөгийн дэлхийн эдийн засгийн бүтцэд үндсэн эргэлт, өөрчлөлт гарч байна. Yүнийг зарим судлаачид капитализмын бүрэн ялалт ч гэж нэрлэх явдал бий. Эдийн засаг санхүү улам даяаршихын хэрээр улс орнуудын дотоодын эдийн засаг үүнд зохицон таарах хандлага руу өөрийн эрхгүй явж байгаа юм. Дэлхий өнөөдөр нэг зах зээлтэй болж эхлэж байхад үүнээс хол хөндий тусгаар байх гэсэн оролдлого нь үгүйдээ л асар их өртөг шаардах прадокс байдал буй болжээ. Иймээс улс орнууд үндсэн зарчим, үндсэн бүтэц, механизмын хувьд ижил төстэй эдийн засгийг буй болгох их шилжилт бас давхар явагдаж байгаа билээ. Эдийн засгийн энэхүү глобал шилжилтэнд Хойт Солонгос гэх мэтийн ганц хоёр сондгой жишээг тооцохгүй бол дэлхий бүх орнууд хамаарч байгаа билээ. Гэвч гарааны төвшин, технологийн хүрсэн эрэмбэ, хүний хүчин зүйл зэргээсээ хамаараад янз бүрийн шатанд янз бүрийн үр дүн үзүүлж байна.
Посткоммунист орнуудад болж буй энэхүү шилжилт хамгийн яривагтай, бэрхшээлтэй зүйл болох нь харагдаж байна. Учир нь эдгээр орнуудад зах зээлийн ердийн харилцаа халагдаад удсан ба оронд нь хүн төрлөхтний түүхэнд урьд хожид мэдэгдэж байгаагүй төвлөрсөн төлөвлөгөөт захиргааны эдийн засаг гэгч зүйл ноёрхсон байлаа. Энэ системийн орнуудын хооронд зохих ялгаа байсныг үгүйсгэх аргагүй. Тухайлбал Польшид хөдөө аж ахуй, газар тариаланг огт улсчлаагүй бол, Унгарт 1968 оноос эдийн засгийн зарим салбарт зах зээлийн харилцааны элементүүд нэвтрүүлсэн байлаа. ЗХУ–д тухайлбал газрын өчүүхэн хэсэг нь хувьд хамардаг байсан авч тэд нийт зах зээлийнхээ хүнсний ногоо жимс жимсгэний ихэнхи хувийг хувийнхан хангадаг байжээ. Харин Монгол, Хойт Солонгос, Камбожи зэрэг оронд бүх өмч улсын мэдэлд бараг зуун хувь хамаарч байлаа. Эдгээр орнуудын коммунизмд орох үеийн хөгжлийн төвшингүүд ч хоорондоо ихээхэн зөрөөтэй байсан юм. Өнөөдөр посткоммунист дөч шахам орон нийгэм болон эдийн засгийн хос өөрчлөлт шинэчлэл хийн шилжилтийн үед явж байгаа боловч үндсэн хэдэн хэлбэрээр энэ нь явагдаж байна.
1. Эдийн засгийн дагнасан шилжилт. Yүнийг нилээд амжилттай хийж байгаа оронд Хятад, Вьетнам багтана. Эдгээр орнуудад коммунист үзэл суртлаасаа бага багаар салж, тайван замаар энэхүү үзэл суртлын хүлээсээс ангижрах эрмэлзлэл байгаа бөгөөд гол цохилтыг эдийн засгийн либеральчлал руу хандуулж байгаа юм.
2. Эдийн засаг улс төрийн шилжилт, Гэтэл Дунд Азийн орнууд, тухайлбал Туркменстан, Узбекстан, заримдаг хэмжээгээр Казакстан, Киргизстан нь эдийн засгийн шинэтгэл либеральчлалыг нилээд гүнзгий хийхийн зэрэгцээ нийгмийн шинэтгэлийг хэлбэр солих, нэг дарангуйллыг нөгөөгөөр солих аргаар оролдлого хийж байгаа юм.
3. Улс төр эдийн засгийн шилжилт. Зүүн Европын ихэнхи орнууд нь нийгмийн баттай ардчилсан өөрчлөлт дээрээ тулгуурлан эрх зүйт төрийн механизмаар дамжуулан эдийн засгийн шинэчлэлээ хийж байна. Чех, Унгар, Польш нь үүний хамгийн сайн жишээ болж байгаа юм. Мөн Балтын орнууд, Словени, Хорват, Монгол зэрэг орнууд энэхүү хэцүү боловч илүү ирээдүйтэй хосолмол шилжилтийг хийж байна.
4. Улс төрийн шилжилт. Хэдийгээр дээрх ангилалд багтаж буй улс төр эдийн засгийн шилжилт хийх зорилготой боловч улс төрийн үндсэн шилжилт нь амжилттай болж хараахан чадаагүй, эргэж буцсан шинжтэй, дотоодын тэмцэл нь хууль зүйн хүрээндээ явж чадахгүй байгаа орнууд энд хамрагдана. Тухайлбал Yндсэн хуулийн хямрал ба дотоодын субъект хоорондын зөрчилдөө гүн идэгдсэн Орос болон зарим талаар Кавказын орнууд, Болгар, Румын энд хамаарч байна.
Монгол нь сүүлийн арван жилд дарангуйллын дэглэмээс улс төр нийгмийн ардчилал руу шилжилт хийхийн зэрэгцээ бараг зуун хувь улсын мэдлийн өмч бүхий захиргааны хэмээгдэгч эдийн засгийн бүтцээс зах зээлийн систем рүү шилжилт хийж байгаа орон юм. Энэ л утгаараа Монголын шилжилт нь гарааны төвшин, гадаад дотоод орчны шаардлага зэргээсээ болоод хамгийн хүнд бэрх төвөгтэй хосолмол шилжилтийг гүйцэтгэж байгаа юм. Энэ нь зориудаар хүнд хэцүүг нь сонгож авсандаа бус, ерөөсөө өөрөөр шилжилт хийх бололцоо Монголын хувьд байхгүй юм. Хятад маягийн үзэл суртлаа хадгалаад хийх эдийн засгийн реформ, Казакстан маягийн нэг дэглэмийг нөгөөгөөр солиод эдийн засгийн реформыг түргэтгэх зэрэг арга нь монголчуудын төвшин, боловсрол, зан аягаас гадна гадаад ертөнцийн холбоо хэлхээ, үндэсний аюулгүй байдал зэргээсээ болоод огт бололцоогүй зүйл байсан билээ. Түүнээс гадна тухайн гарааны төвшин нь бусад пост коммунист орнуудтай харьцуулахад хэт сондгой, онцгой муу, жишгээс хэтэрхий хөндий байсан нь нэг мөсөн өөрчлөлт хийхээс өөр аргагүй байдалд хүргэсэн юм. Хөрөнгө оруулалт, улсын төсвийн 70 гаруй хувийг үзэл суртлын эв санаа нэг байсны шанд гадаадаас зээлээр авдаг, хүн амд оногдох ДНБ–ий хэмжээ коммунист ертөнцдөө хамгийн бага, хүн амтай нь харьцуулахад дэлхийн хамгийн том гадаад өртэй орон байлаа. Монголд хувийн өмч хязгаарлагдаж байгаагүй, харин ч бүр хуулиар тас хориотой байсан нь коммунист ертөнцдөө ч сондгой үзэгдэл байв. Эдийн засгийн зохицуулалтын эрх зүйн акт бараг ганц ч байгаагүй ба энэ нь зөвхөн хэдхэн хүний ам шийдвэр, номенклатурын үзэмжээр явагддаг байв. Нэгэнт бүх өмч улсынх учир энд менежментийн тухай ойлголт байхгүй, иймээс хөрөнгө ашиглалтын ашигт үйлийн коэфицент гайхал төрүүлэм бага байлаа. Хорь дугаар зууны турш гадаад ертөнцөөс таслагдсан орон байсны хувьд зах зээлийн тухай анхдагч ойлголт энэ орны хэнд ч байгаагүй ба гадагшаа гарсан монгол үндэстний эмиграцийн тоо хэмжээ тэгтэй тэнцэж байв. Чөлөөт ертөнцөд боловсрол олсон хүн үндсэндээ огт байсангүй. Гадаад байршуулсан үндсэн хөрөнгө ч байсангүй. ДНБ–д ганц нэг хувь эзэлдэг хатуу валютийн худалдаа нь ч олон улсын дүрэм журмаар явагддаггүй байлаа. Yндсэндээ дэлхийгээс тусгаарлагдсан сюрреалист ертөнц байсан юм.
Гэвч өнгөрсөн арван жилд нийгэм эдийн засгийн салбарт хийсэн Монголын шилжилт нь хамгийн амжилттайгийн нэг гарцаагүй мөн. Унгар, Польш, Чех зэрэг орнуудад хийгдэж буй шилжилт маш амжилттай болж байгаа боловч тэдний гарааны төвшин, гадаад дотоод нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйл нь Төв Азийн бөглүү Монголынхтой харьцуулах аргагүй өндөр юм. Гээд ерөнхий утгаараа гарч буй энэ их амжилт алдаа эндэгдэлээс хөндий байгаагүй юм. Yүнд туршлага мэдлэг дутсан ч тал бий, хүмүүс хоорондын болоод бүлэглэл хоорондын харилцаанаас ч болсон зүйл мундахгүй. Юутай ч өнгөрсөн 13 жилийн хугацаанд Монголд:
• Нийгэм марксист- ленинист онолоос татгалзаж ардчилсан үзэл санааг хүлээж авлаа.
• Нийгмийг удирдан чиглүүлэх үүрэг өөртөө ноогдуулсан нэг намын тоталитар дарангуйлал дуусч, олон намын тогтоцод шилжлээ.
• Нийгмийн гишүүдийг ангиар болон үзэл бодлоор ялгаварлах явдлыг халж, хүний эрх эрх чөлөөг тунхаглалаа.
• Оюун санааны хүрээнд зарчмын өөрчлөлт гарч, хувь хүний чадамжид түшиглэсэн үнэлэмж буй боллоо.
• Ерөнхийлөгч бүхий парламентийн засаглал тогтож, төрийн эрхийг хэн барих нь сонгуулиар шийдэгддэг тогтоцтой боллоо.
• Зөвхөн улсын өмч оршин тогтохыг зөвшөөрдөг байсан системийг халж өмчийн олон хэлбэрийг тэгш эрхтэй гэж тунхаглалаа.
• Yг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө тунхаглагдлаа.
• Нийгмийн социаль хүрээнд хувьсгалт өөрчлөлт гарлаа.
Энэ бүх ололт тэнгэрийн хишиг мэт зүгээр олдсон юм бишээ. 1990 онд Yндсэн хуулин дахь “социализм руу урагшлана” гэсэн заалтыг хэн хасуулахгүй гэж зүтгэсэн;, 1991 онд бүх иргэдэд гадаад паспорт өгөхөд хэн дургүйцсэн;, малыг малчдад буцааж өгөхийг ямар хүчин эсэргүүцсэн;, Арми болон хүчний байгууллагад ажиллагсадыг намын харъяалалгүй болгоно гэхэд хэн эрс эсэргүүцэн цэрэг цагдаагийн байгууллагаар албан ёсоор яван намаасаа гарахгүй байхыг уриалж байсан;, 1992 оны Yндсэн хуулинд аль хүчин газар өмчилж болох заалтыг эсэргүүцсэн;, 1992-96 онд аль хүчин өмч хувьчлалыг бүрэн зогсоосон;, Багш нарын эсэргүүцэл жагсаалын үеэр хэний даалгавараар хүчний байгууллага тагнах чагнах ажилгаа үйлдсэн;, Иргэд эвсэлдэн нэгдэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, цуглаан жагсаал хийх хуулинд хэн хязгаарлалт тавьж хууль гаргасан;, 1996-2000 онд явагдсан нийгэм - эдийн засгийн реформыг аль хүчин Төрийг хүчгүйдүүлэх замаар улдан зогсоосон;, нийгмийн ухамсар төлөвшөөгүй дорой төвшин дээр аль хүчин тоглоом тохуу хийн төрийг барьцаалж, мушгин гуйвуулж, гүтгэлэг зохиож, ингэснээр ардчилалын үнэ цэнэт зүйлсийг нийгмийн ухамсарт муу муухай зүйл болгон харуулах гэж хэн тэмүүлсэн зэргийг хүмүүс мартсан байдаг юм гэхэд түүх яав ч мартахгүй. Энэ бүхэн эцсийн бүлэгт нийгэмд ардчилсан ёс тогтоох гэсэн шинэ залуу хүчин, үеэ өнгөрөөсөн боловч инерцээрээ үлдэж хоцорсон тоталитар дэглэмийн үлдэнгэрийн хуучин руугаа тэмүүлсэн хүч хоёрын хоорондын хатуу тэмцлийн түүх ажгуу. 2000 онд МАХН сонгуулиар төрийн эрх авлаа. 75 жил тасралтгүй төрийн эрх барьж байсан улс төрийн хүчин 4 жил завсарлаад эргэж ирж буй нь энэ. Цээж дүүрэн өс хонзон өвөрлөсөн, дахиж хэзээ ч төрийн эрхээс зайлахгүй гэж дор бүрээ тангараг өргөсөн, муу болгоныг ардчилал руу чихсэн, хорвоогийн өнгөтэй өөдтэй болгоныг өөрсөд дээрээ хаягласан хонзогногч хүчин гарч ирсэн. “Төр дөрвөн жил эзгүй байлаа, одоо эзэнтэй болов” гэсээр ирсэн тэднийг эрүүл саруул улс төрийн өрсөлдөөнд ялагч гэхээсээ эх орноо дайснаас чөлөөлөх дайн байлдаанд дийлээд эзгүй хойгуур нь урвасан хүмүүсийг шийтгэх гэж улайрч байгаа тонуулч дээрэмчид шиг харагдаж байв. Ардчилсан хэм хэмжээ төлөвшөөгүй, улс төрийн тэмцлийг окопны хэмжээнд сэтгэдэг аль ч хоцрогдсон бүдүүлэг оронд тохиолддог л явдал. Ярьж хэлж буй хүмүүсийнх нь цаад хүмүүжсэн уг араншингаар нь үүнийг бас ойлгож болно л доо. Ардчилсан хүчин төрийн эрх барьж байсан 1996-2000 оны хооронд сөрөг хүчин байсан МАХН маш хүчирхэг байсан. Хууль тогтоох байгууллагад шийдвэр гаргуулахгүй байх хэмжээний хүчирхэг байсан тул үүгээрээ түрий барин Төрийг хүчгүйдүүлэх замаар үнэн хэрэгтээ нийгмийг жолоодох, сэтгэлгээг залах, төрийн гол шийдвэрийг гаргах эрх мэдэл эдэнд байлаа. Албан ёсны эрх баригч хүчин нь үнэн чанартаа барьцаанд орчихсон он жилүүд байв. Чухам сөрөг хүчин байж, деструктив сэдэл тэмүүллээр ажиллан, зөвхөн Засгийн эрхийн төлөө амь тэмцэн өнгөрөөсөн тэр жилүүддээ МАХН-д доорхи сургамжийг авчээ:
• Төрийн бүхий л албан тушаал, ялангуяа шийдвэр гаргах төвшинд зөвхөн өөрийн хүмүүс байх ёстой. Энд улс төрийн найдвартай итгэлтэй байх явдал нь гол болохоос тухайн хүний мэдлэг боловсрол туршлага бол хоёр гурав дугаар зэргийн асуудал.
• Өнөөгийн нийгэмд хамгийн их нөлөө үзүүлэх юм бол мэдээллийн хэрэгслэл. Иймээс гол мэдээллийн хэрэгслэлийг шууд өөрийн гартаа зангидан юу мэдээлэх, юу эс мэдээлэхийг шууд удирдан хөтлөх. Өргөн тархацтай бус мэдээллийн хэрэгслэлийг байнгын хяналтандаа байлгаж байх.
• Нийгэмд эрх баригчдын хүсээгүй мэдээлэл тарах юм бол түүний үүр уурхайг түргэн илчилж эздийг нь улс төрийн болон эдийн засгийн аргаар хавчин боогдуулж хашрааж байх. Дахиж хүсээгүй мэдээлэл тарах нүх сүв бүрийг үргэлж сайн таглаж байх.
• Эрх мэдэл онцгой төвлөрсөн байх ёстой. Төвлөрөлийг буй болгох хамгийн сайн арга бол доод шатны гүйцэтгэгч нь эдийн засгийн хувьд төвөөсөө бүрэн хамааралтай байх учиртай. Нэгэнт Төвд бүгдэд хүрэлцээтэй хангалттай хөрөнгө хомс учир гүйцэтгэгч төрийн нэрийн өмнөөс эдийн засгийн байдлаа сайжруулах бололцоотой байх хэрэгтэй. Гүйцэтгэгч нь аялдан дагагч, үг дуугүй биелүүлэгч, үл эсэргүүцэгч байхаа больж, өөрөөр хэлбэл улс төрийн найдваргүй хүн болж хувирах юм бол хоолноос нь салгах бололцоо Төвд үргэлж байх ёстой.
• Сөрөг хүчин болоод цөөнхийг нийгэмд байр суурьгүй болгох. Yүнд хамгийн шалгарсан арга бол персончлон тодорхой эздийг барьж авч түүнд тохируулсан гүтгэлэг доромжлолыг дэгдээн, олон нийтээр жигшүүлэх байнгын ажиллагаа зохиох.
• Цөөнхийг дэмжсэн аливаа үйлдлийг таслан зогсоож, тодорхой хэсэг хүмүүс дээр хашраах арга хэмжээ аван нийтэд сургамж болгох. Цөөнхийг эдийн засгийн хувьд сулруулах нь тэргүүн зэргийн зорилго, иймээс тэдэнд талтай ханддаг эдийн засгийн сурвалжуудыг хавчин боох, ялгаварлан гадуурхах зэрэг улс төрийн аргаар тэмцэн доройтуулах .
• Нийгэмд айдас хүүдэс үүсгэх. Улс төрийн аливаа найдваргүй хүн хавчин гадуурхагдах нь аргагүй юм гэсэн ойлголтыг зугуу үйл ажиллагаагаараа нийтэд ойлгуулах.
• Эрх баригчдыг дэмжиж, хамтран ажиллаж байгаа тохиолдолд алив хуулийг зөрчвөл өршөөгдөнө, эс дэмжигчид хууль зөрчөөгүй ч зөрчсөн хэрэгт орж болно гэсэн ойлголтыг олон түмэнд төрүүлэх, үүнийг тодорхой үйлдэл факт дээр үзэж харсаар байтал нь илэрхий хийж олон түмэнд далд ойлголт буй болгох.
• Хамгийн бүтэлгүй азгүй алхамаа ч олон түмэнд сүр дуулиантайгаар ялалт амжилт мэтээр сурталчилах. Иймээс суртал нэвтрүүлэгт мөнгө хөрөнгийг үл хайрлах. Болохгүй бүтэхгүй юм болгоныг Ардчилсан хүчин, цөөнх, сөрөг хүчин, нээлттэй нийгэм, ардчилсан тогтоц руу тохож, ингэснээр үзэл бодлын цөөнх нийгэмд оршин байх нь хөгжил дэвшлийн чөдөр тушаа, эмх замбараагүй байдлын эх сурвалж, ядуурал гуйранчлалын цаад учир шалтгаан гэсэн ойлголтыг буй болгох. Цөөнхөд хамаарч байгаа л бол эрт балрын өнгөрсөн алдаа дутагдлыг нь дөвийлгөн шүүх цагдаа болон хүчний байгууллага, шүүхээр шийдвэрлүүлэн өргөн олныг хамарсан жигшүүлэх ажиллагаа зохион суртал нэвтрүүлэг явуулах. Ямар ч өртгөөр хамаагүй хийгдэж байгаа ялалт дэвшил цэцэглэлийн тухай хуурамч ч бай суртал нэвтрүүлэг нь төрийн эрхийг цаашид сонгуулиар барин, сонгуульчлагдсан дарангуйллыг хэвээр хадгалах үндсэн нөхцлийг хангах тул эргээд өртгөө бүрэн нөхнө.
• Сонгуульд ялах үндсэн нөхцөл бол эдийн засгийн чадамж. Иймээс эрх барьж буй бололцоотой үедээ намыг эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх. Нам өөрийн хүчирхэг хөрөнгөтэй байгаад зогсохгүй санхүүгийн хувьд ирээдүйд дэмжлэг үзүүлэх хувь хүмүүс, пүүс компанид хууль бусаар хөрөнгөжих бололцоог нь аль болох түлхүү олгох.
• Олон түмнийг мөнхийн горьдлогод барих. Олон жилийг хамарсан үл гүйцэлдэх төлөвлөгөө, төсөл зорилт байнга дэвшүүлэн, түрүүнийх нь мартагдахад дараагийнхыг нь гаргаж ирэн итгэл найдвар төрүүлэх.
• Баяр наадам, парад ёслолд дуртай, иймэрхүү зүйлд автамтгай монгол хүний сэтгэл зүйн онцлогийг түшиглэж аливаа ой, ёслол, наадам цэнгээнийг өргөтгөн дуу шуугиантай үйлдэх. Дэвжин дэгдэж байгаа тухай болон горьдлого найдвар төрүүлэх суртал нэвтрүүлгээ үүнтэй нягт уялдуулан хамтатгах.
• Худал хэлэх, худал амлах, баримжаагүй гөрдөх, гүтгэн доромжлох, шамшигдуулан идэх, ялгаварлан гадуурхах зэрэг жирийн хүнд байдаг моралийн хэмжүүрийг эс тоох. Зорилго нь аргаа зөвтгөнө гэдэг философид тулгуурлах.
• Шинэчлэгдэн өөрчлөгдөж, ардчилан хүмүүнжиж байгаа дүрийг байнга эсгэх. Ялангуяа энэ талын суртал нэвтрүүлгийг гадаад ертөнц рүү хүчтэй хийх. Ардчилсан хүчин, ардчилал хоёрыг хүчтэй зааглан ялгах. Залуу үед МАХН ардчилалыг санаачилсан гэсэн үүх түүх зохиож өгөх.
• Нийгмийн жолоодлогыг олигархижуулах.
• Нэгэнт Монголд ардчилал, нээлттэй нийгэм зохихгүй гэдэг нь батлагдсан тул Дунд Ази маягийн эсвэл Хятад, Вьетнам маягийн “хяналттай ардчилал”-ыг “хөгжүүлэх”.
Бид МАХН-ын авсан сургамжиндаа идэвхийлэн ажиллаж байгаа гурван жилийг үдэж байна. Дээр дурдсан сургамжийн биелэлтийн талаар тодорхой жишээг татна гэвэл олон арван цагийн ажил болох учраас энэ хурлын цаг нартай авцалдахгүй юм болно. Юутай ч “нөр шургуу” энэ ажлын эцэст бид хүний эрхийн байдлаар дэлхийд 10 байр ухарлаа, хэвлэлийн эрх чөлөөний байдлаар 30 гаруй байраар арагшиллаа, нэг хүнд ноогдох ДНБ хэмжээ Азийн хөгжлийн банкны саяхан гаргасан статистикаар 420 доллароос 380 доллар хүртэл доошиллоо, ДНБ-д эзлэх Төвлөрсөн төсөв буюу манай нийгэм дэх хувь хүний амьдрал руу оролцох төрийн оролцоо 34 хувиас 49 хувь хүртэл өслөө. Нэгтгэн хэлбэл гуравхан жилийн дотор бид хүний эрх эрх чөлөөний үзүүлэлтээр олон пунктээр доошилж, нийгмийн гишүүн болгон маань 50 мянган төгрөгөөр ядуурч, төрийн захиргаадаас иргэн бүрийн хамаарах хамаарал гуравны нэгээр өсчихөөд байна. Өөр сүрхий өсөж байгаа юм гэвэл гэмт хэрэг, түүний дотор төрлөөр устгах гэх мэтийн цоо шинэ хүнд гэмт хэргүүд, ядуурал гуйранчлал, гадаад өр, экологийн сүйрэл, “хуульчлагдсан” авилга… гэх мэт. Энэ бүхнээс Арчилсан хүчин ямар сургамж авах ёстой вэ? Чухам ардчилсан хүчин л хариугаа авах гэсэн хонзогногчид, албан тушаал горилогчид, гүтгэн гүжирдэгч, хоосон амлагч, нийгмийн ядуу сэтгэлгээгээр тоглогч, Засгийн эрхийн төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүйчүүд, ёс суртахуун моралийн ямар ч хэмжүүргүй ичгүүр сонжуургүйчүүд байх юм бол мөнөөх МАХН-аасаа ялгагдахаа болино. Энэ нь нийгэмд ардчилсан ёс зүй тогтоох эхний алхамаасаа ухарсан, улмаар нийгмийг МАХН-тай хавсран сүйтгэгч болж хувирах юм. Гагцхүү ардчилсан ёс дэглэм л хувь хүнд эрх чөлөө аз жаргал авч ирж чадна гэж Эрих Фромм хэлжээ. Энэ ёс дэглэмийг нийгэмд хэлбэршүүлнэ, ардчилалыг сэргээн тогтооно гэдэг амар зүйл биш, үүнд олон жилийн уйгагүй хөдөлмөр хүчин чармайлт, тэсвэр тэвчээр хэрэгтэй. Хамгийн гол нь анх өгөгдсөн үндсэн зорилго, зарчим маань хэзээ ч солигдон өөрчлөгдөж болохгүй. МАХН-аас өнгөрсөн гурван жилд бидэнд өгсөн сургамж гэвэл:
• Алив төр, түүний дотор ардчилсан төр аппаратан дээрээ тогтдог. Аппарат бол байнгын, мэргэшсэн, тогтвортой, чадамжтай байж улс орон хөгжинө. Иймээс 15 мянган хүнийхээ орноос мөн тийм тооны хүний ажилгүй болгож хонзонгоо авна гэдэг зарчим ерөөсөө байж болохгүй. Төрийн мэргэшсэн албыг улс төрийн үзэл суртлаас хол хөндий байлгах.
• Алив нийгмийн хамгийн үнэт баялаг бол чадамжсан иргэн байдаг. Улс төрийн үзэл бодлоосоо үл хамаараад чадамжсан иргэд л нийгмийг урагшлуулах түүчээ болдог тул мэргэжилтэй боловсон хүчнийг хайрлахын зэрэгцээ улс төрийн аливаа үзэл суртлаар хэзээ ч ялгаварлан гадуурхаж болохгүй.
• Төр мэдээллийн хэрэгслэлээс ангид байх ёстой. Төрөөс мэдээллийн хэрэгслэлийг хянах нь засаглах сайн арга боловч хэврэг зүйл юм.
• Эрх баригчдын тухай сайн муу бүх мэдээлэл иргэдэд очиж байх ёстой. Ингэснээр төрийн эрх барьж буй тодорхой хүчин болоод хувь хүмүүсийн нэр төр сэвтдэг, олон түмний итгэл буурдаг нь үнэн боловч чухам үүнийг л ил тодоор давж гарч чадахгүй юм бол хэн ч улс төрийн тавцан дээр хүчээ үзээд хэрэггүй юм. Чухам ил тод байдал л хэдийгээр өөрийн сүүдэртэй талтай боловч нийгэм дэх ялзралыг бугшуулалгүй эдгээж чадна. Мэдээж үүнд ихээхэн тэсвэр тэвчээр шаардагдана.
• Хуулийн болоод хуулийн бус аргаар эрх мэдлийг төвлөрүүлэх нь сахилга батыг түр зуур буй болгон, эмх замбараа буй болж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг боловч энэ нь туйлын хэврэг, явцгүй, ирээдүйдээ нийгмийн хөгжил, хувь хүмүүсийн эрх чөлөөнд айхавтар хор хөнөөл учруулах эд мөн.
• Нийгэмд буй аливаа цөөнхийг үргэлж хүндэтгэн, ядахнаа оршин байх эрхийг нь хангах хэрэгтэй. Энэ нь зүгээр л нэг ардчилсан оронд байх үзүүлэлтийн жагсаалтанд орсон учраас л ингэж байгаа хэрэг биш. Дотроо алив цөөнхгүй, сөрөг шүүмжлэлгүй нийгэм хуурамч эв нэгдлийг буй болгодог ба энэ нь тэртэй тэргүй хүний нийгэмд бүтэшгүй зүйл учир аажимдаа дотроосоо бугшин, нэг л мэдэхэд нийгмийнхээ тогтоцыг эвдэх аюул болон урган дэлбэрдэг. Өртөг нь маш их тусна.
• Улс төрд мораль хамаагүй гэдэг философи бол хамгийн адгийн ойлголт. Алив гүтгэлэг, хий хоосон сайрхал, горьдлого төрүүлсэн хууралт нь цаг хугацааны хүчин зүйлийг давж чаддаггүй.
• Хууль бүгдэд шудрагаар түгээмэл үйлчлэх ёстой. Төрийн хуулийг зөрчсөн л бол хэн ч ял шийтгэлээ хүлээх ёстой. Эс чингэвээс энэ нь нийгэмд ёс заншил болон хувирч ерөөс хууль зүйт төр оршихын утгыг алдагдуулна. Хууль зөрчих явдалд улс төрийн шалтгаанаар алагчлан хандах нь гүйцэтгэгчийг дуулгавартай болгож түр зуурын сахилга бат буй болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг боловч алсуураа нийгмийн болон хувь хүний хөгжлийг арагш чангаагч, эрх чөлөөг боомилогч хамгийн том занга болон хувирна.
• Алив иргэн болон бүлэг хүмүүс эрх баригчдаас үзэл суртлын ялгаатай байх нь эх орон ард түмэндээ дайсагнаж байгаа гэсэн үг огт биш. Улс төрийн хүчний ардчилсан тэмцэлд үнэндээ ялагч ялагдагч гэж байдаггүй. Хүн төрлөхтний түүхэн цаг хугацаагаар шалгагдсан, соёлтой ил тод, энэхүү Засгийн эрхийн төлөөх өрсөлдөөн нь нийгмийг урагшлуулах механизм мөн гэдгийг хатуу ойлгох ёстой юм. Дайсагнал дайсагналыг төрүүлнэ, муу үйлдэл мууг л төрүүлнэ.
• Төр өөрийн тодорхой үүрэгтэй. Ард иргэдийг гадаадын халдлагаас хамгаалах, дотоодод болж буй маргаан хэрүүл үл ойлголцолд арбитраж болох, нийгмийн эмх замбарааг сахиулах, иргэдийн тав тухтай аюулгүй орчинг буй болгох, бие даах чадваргүй иргэдийг халамжлах. Yүнээс хэтрэн зөвшөөрөл олгох, хянан тохинуулах, зааж сургах, иргэдийн өмнөөс шийдэх гэх мэтийн ажил руу ороод явчихаар үндсэн үүргээ гүйцэтгэж чадахаа больдог. Yндсэн үүрэгт нь бага мөнгө хэрэгтэй, үндсэн бус ажилд нь асар их хөрөнгө шаардлагатай болдог. Энэ мөнгийг эргээд л иргэдээсээ хуульчилсан байдлаар тононо. Тоногдсон ядуу иргэдтэй улс хөгжил цэцэглэлд хүрч чадахгүй. Өдөр бүр зааж сурган, зөвшөөрөл өгч буюу өгдөггүй мөртөө үндсэн үүргээ биелүүлдэггүй төр иргэдэд ямар ч хэрэггүй.
• Нийгмийг жолоодогч улс төр эдийн засгийн олигархи үүсэхээс үргэлж болгоомжлох ёстой. Энэ нь алив улс төрийн хүчин, намууд өөрийн дотроо ардчилсан ил тод байдлыг үргэлж сахиж чадахаас ихээхэн хамаарна. Алив улс төрийн шийдвэр, ялангуяа хөрөнгө мөнгөтэй холбоотой шийдвэр эрх баригч хүчний дотор ил тодоор хэлцэгддэг, алив далд хуйвалдаанаас хамгаалагдсан байх хэрэгтэй. Олигархижсан нийгэмд хөгжил цэцэглэл, хүний эрх эрх чөлөө, ардчилсан ёс дэглэм хэлбэр төдий болох ба явцдаа арилан мөхдөг.
• Ардчилал гэдэг бол нийтлэг нэг ухагдахуун. Түүнээс жинхэнэ ардчилал, хуурамч ардчилал, хагас ардчилал, хяналттай ардчилал, ардчилал хэтрэх, ардчилал арай жаахан дутуудах гэсэн ойлголт үгүй. Нийгэм ардчилж байгаа, ардчилалыг сэргээж байгаа, нийгэмийн ухамсарт ардчилсан ёс төлөвшиж байгаа гэсэн ойлголт бол бий, гэхдээ энэ нь хүнд хэцүү, тэсвэр тэвчээр шаардсан удаан процесс.
Ардчилсан хүчин алдсан юмнаасаа ийм л сургамж авлаа.
Ардчилал бол духан дээрээ наагаад Вашингтон руу байн байн гүйдэг ухуулах хуудас биш, нийгэмд төлөвшин тогтдог үргэлжлэх процесс. Ардчилал бол хүнээс мөнгө цаас гуйх эрхийн бичиг биш, нийгмийг төвөгтэй хэцүү боловч бат бэх аз жаргал руу хөтлөх үйл явц. Ардчилал бол хоорондоо булаацалддаг нэр төр биш, иргэн бүрийн нийгмийн өмнө хүлээсэн ухамсартай хариуцлага
http://wiki.ecm-outsourcing.com .ээс
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 169
юань гүрэн
2008 оны 12-р сарын 09 Нийтэлсэн EnkhzulМонголын их гүрний тухай уншсан минь энэ буй. Номын санчийн аашлах нь хэрээс хэтрэх мэт санагдана. Гэвч ном унших гэсэн сэтгэлдээ дийлдэн хүлцэнгүйхэн зогсоно. Тийнхүү монголын түүхийн номийг нэгэнтээ эргүүлээд, бидний бахархан ярих дуртай өвөг дээдсийн түүх минь нүдний өмнө илхэн харагдах агаад 192 дугаар хуудсанд тогтон басхүү шохоорхон уншахуйд:
Дотоод хэргийн яаманд түшмэлийн яам, сангийн яам, ёслолын яам, цэргийн яам, шүүх яам харъяалагдах бөгөөд нууц бичгийн яам, дэвшүүлэх буруулах яамдууд үйл ажиллагаа явуулдаг байжээ. Түүнчлэн Харъяат иргэдээ: өнгөт нүдтэн, умард хятадын хүн, өмнөд хятадын хүн гэж ангилан алба эрхлэх зэрэг зиндаа тогтоон төрийн дээд албан тушаал, хотуудын удирдлагад 25н нас хүрсэн монгол хүнээр захируулж, улсын судар зохиох хүрээлэн гэгчийг байгуулан гадаад дотоодын эрдэмтэн мэргэдийг ажиллуулж, монгол төрийн хүчин доор 361н овогтон 721 хэлтэнээс алба татвар авч, Чингэс хааны дэлхийг түвшитгэх бодлогыг үргэлжлүүлж, хятад болон монгол угсаатныг суурин болон нүүдлийн иргэншилийг холбохдоо монгол угсаа гаралаа уусгахгүйгээр хадгалан авч, ноёд түшмэд хийгээд төрийн бодлогыг хятдын төрийн бодлоготой хослуулан төрөө засч, эрдэм боловсролыг дэлгэрүүлж чадсан нь гайхалтай агаад сүрдэм санагдлаа.
Э.Энхзул
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 183
Ардчилал
2008 оны 12-р сарын 07 Нийтэлсэн Enkhzul1990 оны Монголын Ардчилсан хөдөлгөөн
1989 оны 12 сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо байгуулагснаар ардчилах хөдөлгөөн эхэлжээ. Удалгүй Монголын Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Монголын Үндэсний Дэвшлийн Нам, Монголын Ногоон Нам, Монголын Чөлөөт Хөдөлмөрчдийн Нам гэсэн ардчилсан намууд байгуулагджээ. 1990 оны 3 сарын 7-9-ны хооронд Монголын Ардчилсан Холбооны гишүүд өлсгөлөн зарласнаар МАХН-ын Төв хорооны улс төрийн товчоо огцорч нийгмийн улс төрийн тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааны эхлэл тавигджээ. 1990 оны 7 сард Монголын анхны ардчилсан сонгууль болж, ардчилал тогтжээ. 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталжээ. 1993 оны 6 сарын 6-нд анхны шууд ерөнхийлөгчийн сонгууль болжээ.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 73
Коммунист Монгол
2008 оны 12-р сарын 03 Нийтэлсэн EnkhzulБүгд Найрамдах Монгол Ард Улс
Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь ЗХУ-тай маш нарийн харилцаатай байжээ. 1920 ба 30-аад оны үед Зөвлөлтын нөлөөллийг эсэргүүцэж, илүү тусгаар тогтносон байдлыг дэмжиж байсан Догсомын Бодоо, Хорлоогийн Данзан нар нь хүчийн төлөөх тэмцэлд хохирогч болж алагджээ. 1928 онд Хорлоогийн Чойбалсан удирдагч болжээ. Тэрээр хувийн өмчийг хурааж, шашинд дайсагнаж, 1937 оноос эхлүүлсэн Их Хэлмэгдүүлэлтэд 30,000 гаруй хүн алагджээ.
БНМАУ нь Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-д тусламж илгээж байсан ба 1939 оны Халх голын байлдаанд ЗХУ, Монголын хамтарсан хүчин Японы хүчинг дийлжээ. Энэ байлдааны үр дүнд ЗХУ нь Японтой төвийг сахих гэрээнд гарын үсэг зуржээ. ДДII-ийн сүүлийн өдрүүдэд БНМАУ ЗХУ-тай хамт Японд дайн зарласан байна. 1945 онд Иосиф Сталин, Чан Кайши нар Японы эсрэг хоорондоо холбоо тогтоож, энэ үед Бүгд Найрамдах Хятад Улс нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдахад 1949 оны 10 сарын 6-нд дахин бие биенийгээ хүлээн зөвшөөрчээ.
1952 оны 1 сарын 26-нд Хорлоогийн Чойбалсан Москва хотод нас барахад Юмжаагийн Цэдэнбалд эрх мэдэл шилжив. Энэ үеэс харьцангуй тайван байдал өрнөх болжээ. 1961 онд НҮБ-ын гишүүн болж, өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоох болжээ. Харин яг энэ үед буюу 1960-аад оноос ЗХУ-БНХАУ хоорондын харилцаа таслагдаж Монгол нь ЗХУ-тай нэг тал болжээ. Ингэснээр ЗХУ-ын нөлөө ихэссэн ч гэсэн Монголын эдийн засаг эрчимтэй хөгжиж, бичиг үсэг мэдэх байдал ихэсчээ. 1984 онд Цэдэнбал Москвад айлчилж байхад нь түүний өвчин Их Хурлыг шинэ удирдагч Жамбын Батмөнхийг сонгоход хүргэжээ.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 88
Тусгаар тогтнол
2008 оны 12-р сарын 01 Нийтэлсэн EnkhzulБогд хаан
20-р зууны эхнээс Чин улс Шинэ засгийн бодлого гээч Гадаад Монголыг Хятадад нэгтгэх бодлогыг хэрэгжүүлэх болжээ. Энэхүү бодлогыг эсэргүүцэн 1911 оны зун VIII Богд Жавзандамба хутагтад бат-оршил өргөх үеэр зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн монголын хаад ноёд, дээд лам нар Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг 8 сард Хаант Орос улсын Санкт-Петербург руу илгээжээ. Энд Оросууд тусалцаа өгөх болно гэж шийдвэрлэж Монголд эргэн ирэхэд нь Хятадад хувьсгал гарч, Чин улсын нөлөө, эрхшээл багасч байсныг далимдуулж 1911 оны 12 сард Хүрээний манж амбаныг Бээжин руу буцаажээ. Ингээд 12 сарын 29-нд Богд Жавзандамбыг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжилж албан ёсоор тусгаар тогтнолоо зарлажээ.
1913 онд Өвөр Монголыг шинээр тусгаар тогтносон Монгол улстай нэгтгэхээр цэргүүдийг явуулсан ч, Хаант Орос, Дундад Иргэн Улс дарамт шахалт үзүүлснээр цэргүүдээ татжээ. Иймд Монгол нь тусгаар тогтнолоо зарласан ч гэсэн үнэн хэрэгтээ Хаант Орос, Дундад Иргэн Улсын шахалтад байснаар 1915 оны Гурван улсын гэрээнд Монгол улсыг ДИУ-ын автономит болж тусгаар тогтнол нь устжээ.
Харин Орос дахь Октябрын хувьсгалыг Хятадууд ашиглаж Монгол руу цэрэг илгээн 1919 онд Монголын автономийг устгах гэрээг хүчээр зуруулжээ. Энэ нөхцөл байдалд Монгол Ардын Нам (МАН) байгуулагдаж, Зөвлөлт Орос Улсаас тусламж хүсэхээр болжээ. Энэ үеэр Барон Унгерн фон Штейнберг Хүрээг эзлэж, 1921 оны 3 сард дахин Хятадаас тусгаарлаж 7 сарын 6-нд хаант засгыг байгуулж, хятад цэргүүдийг хөөжээ. Харин 1921 оны 7 сарын 6-нд МАН, Зөвлөлтын цэргүүд Хүрээг эзлэж, шинэ засгийн газрыг байгуулжээ. Дараагийн хэдэн жилүүдэд ЗОУ-ын нөлөө улам ихэсч, Богд хаан нас барсны дараахан 1924 оны 11 сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглажээ.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 71
олноо өргөгдсөн......
2008 оны 11-р сарын 30 Нийтэлсэн EnkhzulБогд хаант засгийн үеийн хэрэглээ
1911 оны 10 сард Учаний бослого гарч Манж Чин улсын хүч суларсан бөгөөд тэр үеийг ашиглан Халхын ноёд 12 сарын 1-нд Хүрээнд (одоогийн Улаанбаатар) хуралдаж, Монголын тусгаар тогтнолыг зарлан, 12 сарын 29-нд Шарын шашны тэргүүн 8-р Жавзандамба хутагтыг Богд хаанд өргөмжилж, ёслол үйлджээ. Ийнхүү Богд Хаант Монгол Улс байгуулагдаж, он тооллыг шинээр эхлүүлжээ. 1915 оны Хиагтын гэрээгээр Богд Хаант Монгол Улс нь Дундад Иргэн Улсын "автономит" эрхтэй улс болсон тул мөн оны 6 сарын 9-нөөс уг оны нэрийг хэрэглэхийг хориглосон аж.
Барон Унгерны сэргээсэн Хаант Монгол Улс дахь хэрэглээ
1921 онд Барон Унгерны удирдсан цагаан арми Хүрээг эзэлж, Хятадын цэргийг үлдэн хөөв. Чингээд 2 сарын 15-нд Богд Хаант Монгол Улсыг сэргээснээ зарласнаар, Олноо өргөгдсөн хэмээх оны нэр дахин хэрэглэгдэх болов.
Хэмжээт эрхт Хаант Монгол Улс дахь хэрэглээ
Түүний дараа улаан армийн тусламжийг хүртсэн Монгол Ардын Намын арми Унгерны армийг зайлуулж, цус урсгалгүйгээр Хүрээг эзэлсэн бөгөөд ардын засгийн газар нь Богд хааныг хэмжээт эрхт хаан болгов. Ингэхдээ оны нэрийг хэвээр үлдээсэн байна. 1924 оны 5 сарын 20-нд Богд хаан нас нөгчин, 6 сарын 3-наас 7 сарын 8-нд хуралдсан МАН-ын төв хорооны бүгд хурлаас "Оны нэрийг Олноо өргөгдсөн гэхийг халж, 7-р сарын 10-наас Монгол улсын гэж нэрлэх" тухай шийдвэр гаргажээ. Гэхдээ Олноо өргөгдсөний 14-р оныг Монгол улсын 14-р он хэмээн нэрийдэж, тооллын эхийг хэвээр үлдээсэн байна.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс дахь хэрэглээ
1924 оны 11 сарын 6-нд нээлтээ хийсэн Анхдугаар Их Хурал нь 11 сарын 26-нд Үндсэн хуулийг баталж, хаант засаглалыг халан, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласан бөгөөд Үндсэн хуулийн 1-р зүйлд оны нэрийг "Бүгд Найрамдах Монгол Ард Улсын" хэмээн заав. 1940 онд Үндсэн хууль шинэчлэгдэх хүртэл уг заалт хэвээр байсан боловч албан бичигт оны нэрийг ашиглахаа аажмаар больж, хамгийн сүүлд 1925 онд гаргасан албан бичигт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 15-р он хэмээн тэмдэглэгдсэн байдаг, 1934 онд ерөнхий сайд П.Гэндэнгийн гаргасан тушаалд аргын тооллын оноор огноог тэмдэглэжээ.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 150
Манжийн дарлал
2008 оны 11-р сарын 29 Нийтэлсэн EnkhzulМанж Чин улс
17-р зууны үеэс Монголын хааны эрх мэдэл маш суларчээ. Сүүлийн хаан Лигдэн нь Цахарын Лигдэн нэртэй болсон нь бүх Монголыг бус зөвхөн Цахарыг л удирдлага доороо байлгаж чадсны шинж юм. Ингэснээр Монгол нь
Энэ үеэс зүүн зүгт Манжууд хүччрхэгжжээ. 1636 онд одоогийн Өвөр Монголыг эзэлжээ. 1691 онд Халхуудыг нэгдүүлснээр одоогийн Монголын баруун хэсгээс бусад хэсгийг Манжууд буюу Манж Чин улсын захиргаан дор оруулжээ. Ингэснээр Монгол нь 1911 он хүртэл дараагийн 220 жилийн турш Манж Чин улсын дарлалд оржээ. 1755 онд бас Баруун буюу Ойрд Монголыг захиргаандаа авчээ.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 239
Галдан бошигт хаан
2008 оны 11-р сарын 18 Нийтэлсэн EnkhzulГалдан 1644 онд Дөрвөн Ойрадын зонхилох аймгуудын нэг, зүүн жигүүрийг өмгөөлөн явагч Цорос аймгийн тэргүүн Эрдэнэбаатар хэмээгдэгч Хотогчин хунтайжын зургадугаар хөвгүүн болон төржээ. Эрдэнэбаатар хунтайжийг 10, 11, 12 хөвгүүнтэй байсан гэсэн зөрүүтэй мэдээнүүд сурвалж бичгүүдэд бий. Мөн хатдынх нь тоог 5, 9 байсан гэсэн зөрүүтэй тоо ч бий. Ихэнх эрдэмтдийн санал нэгтэй байдаг ганцхан үнэн бол Галдан бошигт түүний зургадугаар хүү юм гэсэн мэдээ билээ. Галданг төрөхөд Ойрадад их хөл үймээн болж түүнийг Зонховын шавь дүлжин Дагважалцангийн хувилгаанаар өргөмжилжээ. Чингээд 7 наснаас нь Лхас хотноо V Далай лам, Ванчин Богд нарын дэргэд шавь оруулсан байна. Тэр Түвдэд 20 жил сууж шарын шашны эрдэмд гүнээ нэвтэрсэн юм.
Эрдэнэбаатар хунтайжийн тавдугаар хөвгүүн Сэнгэ хунтайж аавынхаа хан орыг залгамжилсан боловч эцэг нэг, эх ондоо ах нарынхаа гарт зэрлэгээр алуулав. Энэ Сэнгэ бол Галдан бошигтын төрсөн ах бөгөөд тэдний эх Юм Ага бол Хотогчин хунтайжийн гуравдугаар хатан байсан бололтой. Сэнгэ ханыг алсан Цэцэн тайж, Зодов баатар нар хунтайжийн их хатны хөвгүүд байсан юм. Яагаад ч юм Эрдэнэбаатар хунтайж хатдынхаа хөвгүүдээс Юм Агагийн хөвгүүдийг ихэд тоон нэгийг нь хувилгаанаар тодруулж Түвдэд суулгаад, нөгөөд нь хан ороо залгамжлуулсан нь цаанаа учиртай байсан бололтой. Сэнгийг алагдахад түүний хөвгүүн Цэвээнравдан нас бага байсан тул Галданг Түвдээс дуудаж хан ор суулгасан нь ч энэ учир жанцангийн нэгэн хэсэг биз ээ.
Галдан бошигт Ойрадад ирээд Цорос аймгийн хан ор сууж, ахынхаа хатан байсан, тухайн үедээ Ойрадын дөрвөн түмнийг зонхилж асан Хошууд аймгийн тэргүүн Очирт цэцэн ханы охин Ануг өөрийн хатан болгож, тархай бутархай баруун монголчуудыг нэгтгэн Зүүнгарын хаант улсыг байгуулаад, энэ улсынхаа хаан нь болсон юм. Тэрээр зөвхөн баруун Монголыг төдийгүй бүх монгол үндэстнийг нэгтгэн хүчирхэг, нэгдсэн улсыг байгуулах хэтийн зорилготой байлаа. Үүний тулд тэрээр газар нутгаа тэлж, цэрэг армиа зузаатгасаар байв. 1686 он гэхэд Зүүнгарын хаант улсын хүчирхэг саварт Хами, Турфан, Кашгар, Сайрам, Бухар, Самарканд зэрэг төв болон дундад Азийн 1000 гаруй том жижиг хотууд атгагдсан байлаа. Энэ үед Төв Азийн хамгийн хүчирхэг хүн нь Галдан бошигт байв.
Тэрээр Оростой дипломат бодлого явуулж, худалдаа хийж, элчин төлөөлөгч солилцох бодлого барьсан юм. Энэ бол бүүр ааваас нь уламжилсан найрсаг харилцаа байсан юм. Орос, Хятадыг холбосон торгоны замыг хяналтандаа байлгаж байсан болохоор түүний хувьд таатай нөхцөл бүрдсэн байв.
Түүний намтрын хамгийн ойлгомжгүй хэсэг нь Халхтай явуулсан харилцаанд байдаг. Энгийн учирзүйн үүднээс авч үзвэл Ойрд, Халх хоёр бусдаас хамгийн сайн ойлголцож болмоор. Харамсалтай нь нөхцөл байдал, түүхэн үнэн тийм биш байв. Өндөр гэгээнтэй түүний харилцаж байсан тухай олон мэдээ түүхийн сурвалжуудад бий. Ер бусын найрсаг, дотно байдлаар элч төлөөлөгч солилцож, ярилцаж байсан яриа хэлэлцээнүүд нь түүхэн баримтанд тодорхой үлдсэн бий. Чухам юун дээр зөрчилдөж, юун дээр үл ойлголцож байсныг нь одоо хэр эрдэмтэд ч сайтар нотлож чадаагүй юм. Чухамдаа Өндөр гэгээний дүү Түшээт хан Чахундорж л эдгээр их хүмүүсийн хооронд хэрүүлийн алим чулуудаж байсан гэж үздэг. Энэ нь ч үнэн байж болох талтай. Түшээт хан Гомбодорж 1655 онд таалал болсон нь Халхын улс төрийн байдалд эргэлт гарахад хүрсэн эмгэнэл болсон гэж түүхчид үздэг. Өндөр гэгээн Занабазар, Чахундорж нарын эцэг Гомбодорж харин ухаатай хүн байлаа. Тэр Ойрадоос хатан буулгаж эртнээс уламжилсан өс хонзонг аргацаан тайтгаруулж байсан баримт бий. Харин түүний хүү Чахундорж эртний тэр өс хонзон дээр, эмэг эхийнхээ өслийг өшиж Галдан бошигт хаантай үл найрамдахын бодлого баримталсан юм. Өндөр гэгээн энэ эвдрэлийг зохицуулахыг ихэд хичээж байсныг түүхэн баримтууд нотлодог. Гэвч тэр яаж ч чадаагүй билээ. Халх, Ойрадын хооронд их тулалдаан эхэлж, энэ тэмцэлд Манж Чин Улс, Түвдийн шарын шашны тэргүүнүүд аймшиггүйгээр оролцож Монголын хүчирхэг угсаатныг өөрсдөөр нь өөрсдийг нь доройтуулсан гашуун түүхтэй.
Манж Чин Улсад дагаар орсон Халхын ноёдтой хийсэн тэмцэл нь Галдан бошигтын армийг одоогийн Налайх дүүргийн нутаг Зуун модонд авчирсан юм. Энх-Амгалангийн гурван гарын их цэрэгтэй хийсэн сүүлчийн тулаандаа Галдан хаан Ану хатнаа, цэрэг армийнхаа ихэнхийг алдаад баруун тийш дутаажээ. Туулын хөвөөнд болсон энэ тулалдаанд Галдангийн 30000, Энх-Амгалангийн манж, монгол нийлсэн 50000 цэрэг оролцсон гэж Баабар бичсэн нь бий. Энэ бол 1696 он билээ. Ялагдсан Галдан баруун зүг дутаахад Энх-Амгалан эцсийг нь үзэхээр араас нь зогсоо чөлөөгүй нэхэв.
Галдан бошигт хааныг Халхад дайтаж явах хооронд Зүүнгарт Сэнгэ ханы хүү Цэвээнравдан төрийн эргэлт хийн хаан ор суужээ. Үүнийг Манж Чин Улс, Орос дэмжсэн байдаг. Ингэснээр Галдан хоёр галын дунд ганцаардаж, ямар ч хүч чадалгүй болсон юм. Амьдралынхаа сүүлчийн жил орчмын хугацааг зугтан дутаах байдалтай явж өнгөрүүлсэн Бошигт хаан 1697 онд хор уун амиа егүүтгэсэн юм. Тэрээр дайсан этгээдүүддээ үүрд баригдаагүй билээ.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 111
семинар маань яагаад ийм муухай болчихсон юм бээ хүмүүсээ хичээлдээ идэвхтэй байя
2008 оны 10-р сарын 28 Нийтэлсэн Enkhzulyryr Дэлгэрэнгүй»
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 74
Батын үлдээсэн өв
2008 оны 10-р сарын 22 Нийтэлсэн Enkhzul1241 оны сүүлээр Бат, Сүбэдэй хоёр Австри, Итали, Германыг дайлах төлөвлөгөөгөө гаргаж дуусч байхад, Өгэдэй хаан (1241 оны арванхоёрдугаар сард нас барсан) тэнгэрт хальсан тухай мэдээ ирж, цусан төрлийн хөвүүд болон Сүбэдэй Хархорум руу Их хуралдайд дуудагдсанаар 1242 оны хаврын сүүлээр Монголын цэрэг буцжээ. Бат Их хаан болох боломжтой байсан бөгөөд энэ суудлыг авч чадахгүй нь тодорхой болонгуут Ази, Уралын нуруун дахь байлдан дагуулсан нутаг орноо түвшитгэхээр буцсан байна. Тэр эргэж явахдаа Сүбэдэйг авч яваагүй бөгөөд Монголдоо үлдсэн Сүбэдэй тэндээ 1248 онд нас баржээ. Бат Гүюг хаанд дайсагнан ханддаг байсан тул Европыг цаашид байлдан дагуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжгүй болсон. Чингис хааны ач нарын хоорондох харилцаа улам бүр муудаж Монголын Эзэнт гүрний төгсгөл ойртсон энэ үед тэр дорно зүгээс ирэх довтолгооноос сэргийлж цэргээ бэлэн байлгаж байхаас өөр аргагүй байлаа. Бат хан эргэж ирээд 1242 онд ханлигийнхаа нийслэлийг Ижил мөрний доод биед орших Сарайд байгуулжээ. Гүюг хааныг нас барсны дараа тэрбээр шинэ аян дайн хийхээр төлөвлөж байсан боловч (тэр Европыг байлдан дагуулах Сүбэдэйн төлөвлөгөөг хэрэгжүүлэх санаатай байв) 1255 онд нас барж, ханлиг нь Сартагт өвлөгдлөө. Сартаг Европыг дайлах төлөвлөгөөнөөс татгалзлаа. Үүнээс хойш 230 жилийн турш Кипчакын ханлиг Оросыг олон вангуудаар нь дамжуулан захирч байлаа.
Бэрх ч гэсэн Европыг эзлэх Батын төлөвлөгөөг сонирхоогүй юм. Харин тэр өөрийн үеэлүүд, ялангуяа Хүлэгүтай тулалдахыг илүү сонирхож байлаа. Бэрх лалын шашны чин сүжигтэн байсан тул Хүлэгүг Багдадыг сүйтгэсэн хэмээн үзэн ядах болжээ. Хүлэгү өөрийнхөө эзгүйд Айн Жалутад ялагдсаныхаа хариуг авахаар Египет рүү цэрэг аван хөдлөхөөр зэхэж байх үед 1262 онд Бэрх хан Ил Хан улсын нутаг дэвсгэрийн нэг хэсгийг Кипчакуудаар цөлмүүлэн дээрэмдүүлжээ. Үүнд уурлан хилэгнэсэн Хүлэгү их цэргээ цуглуулан, хойд зүг рүү хөдөлсөн бөгөөд Бэрх хан түүнийг Ариун Газраас нь улам холдуулж, хойд зүг рүү аваачсаны дараа 1263 онд Хүлэгү Кавказын хойд хэсгийг эзлэн авах гэж оролдоод хүнд ялагдал амсчээ.
Кипчакын ханлигийг Орос, Европт Алтан Орд нэрээр мэддэг байсан бөгөөд зарим түүхчид энэ нэрний гарлыг Ханы гэр алтлаг өнгөтэй байсантай холбоотой гэж үздэг ажээ. "Алтан" гэдэг үг нь "ханы" гэсэнтэй адил утгатай гэж бас үздэг аж. Монголын бүх ханлигууд дундаас Алтан Орд хамгийн удаан оршин тогтносон. Юань династи задарч, Хятадаас хөөгдөн, Ойрхи Дорнодын Ил Хан улс мөхсөнөөс бүүр хойно Бат ханы удам угсаа Оросын тал нутгийг эзэгнэн суусаар байлаа.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 79
Оросыг дайлсан нь
2008 оны 10-р сарын 21 Нийтэлсэн EnkhzulӨмнө нь Крымын хойгийн байлдан дагуулалтыг удирдсан Батад 1235 онд 130000 цэрэг олгож, Европ руу хийх дайныг удирдах үүрэг өгчээ. Үнэндээ бол Сүбэдэйн захирч байсан энэ их цэрэг Ижил мөрнийг гаталж, 1236 онд Ижил мөрний Булгар руу довтолжээ. Ижил мөрний Булгар, Кипчак, Аланчуудын эсэргүүцлийг дарахад нэг жилийн хугацаа зарцуулсан.
1237 оны арваннэгдүгээр сард Бат хан элчээ Владимирийн II Юрий руу довтолгож, дагаар орохыг шаарджээ. Нэг сарын дараа Батын цэрэг Рязанийг бүсэлсэн. Зургаан өдөр цус урсган тулалдсаны эцэст хотыг бүрэн устгасан бөгөөд тус хот дахин хуучин шигээ цэцэглээгүй юм. Энэ мэдээг сонсож түгшсэн II Юрий Монголчуудын эсрэг хөвгүүдээ хөдөлгөсөн боловч тэд бут ниргүүлжээ. Монголчууд Коломна, Москва хотуудыг шатаасныхаа дараа 1238 оны хоёрдугаар сарын 4-нд Владимир хотыг бүсэллээ. Гурван өдрийн дараа Владимир-Суздалийн нийслэлийг эзлэн авч, юу ч үгүй галдан шатаажээ. Вангийн гэр бүл галд шатах энэ үед II Юрий хойд зүг рүү яаран сандран ухарсан юм. Ижил мөрнийг гатлаад тэр шинэ арми байгуулсан боловч, энэ армийг нь Монголчууд гуравдугаар сарын 4-нд Сить гол дээр юу ч үгүй хүйс тэмтэрчээ.
Бат хан их цэргээ хэд хэд хувааж, Оросын 14 хотыг, тухайлбал Ростов, Углих, Ярославль, Кострома, Кашин, Кснятин, Городец, Галич, Переславль-Залесский, Юриев-Польский, Дмитров, Волоколамск, Тверь, Торжок хотуудыг дайлжээ. Эзлэн авахад хамгийн хэцүү байсан хот нь Козельск хэмээх жижиг хот байсан бөгөөд тэр хотын насанд хүрээгүй хунтайж Титус оршин суугчдынхаа хамтаар Монголчуудын довтолгоог долоон долоо хоног эсэргүүцэн тулалдсан байна. Ам дамжин ярьсан түүхэнд өгүүлснээр Монголчууд ойртож явааг дуулсан Китеж хотынхон бүгд нууранд живцгээсэн нь өнөөг хүртэл харагддаг гэлцдэг ажээ. Монголчуудад дагаар орж, алба гувчуур өргөхийг зөвшөөрсөн Смоленск, алслагдсан байрлал, өвлийн цаг агаарын улмаас Монголчуудын хүрч чадаагүй Новгород, Псков хотууд томуухан хотуудаас устгуулалгүй үлджээ.
1238 оны зун Бат хан Крымын хойгийг дайлж, Мордовыг номхотгожээ. 1239 оны өвөл, тэрбээр Чернигов, Переяславыг дайлав. Монголын цэрэг Киевийг хэдэн сар бүсэлсний эцэст 1239 оны арванхоёрдугаар сард эзлэн авлаа. Халичийн Данило шургуу эсэргүүцэн тулалдсан боловч, Бат хан түүний газар нутгийн хоёр гол нийслэл Халич, Володимир-Волиньский хотуудыг эзлэн авч чаджээ. Гэхдээ Оросын улсуудыг төв Азийн эзэнт улсад нэгтгэлгүй харин вассал болгожээ.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 72